Судлаач хүний гаргадаг алдаа, түүнээс суралцах тухай

Бараг 200 жилийн өмнө Чарльз Бэббидж (анхны механик компьютерийг зохион бүтээгч) шинжлэх ухааны судалгааны үр дүн гаргахдаа сайн боловч хуурамч үр дүн гаргадаг ‘cooking’ ба ‘trimming’ гэсэн буруу үйл явцыг тодорхойлсон байдаг. ‘Cooking’ үйл явц нь олон тооны туршилтын үр дүнгээсээ зөв, сайн таарч гэсэн үр дүнгүүдээ сонгож авахыг хэлдэг бол ‘trimming үйл явц нь олон тооны туршилтын үр дүнгээсээ дунджаас хамгийн их ялгаатай үр дүнг муу болгох утгуудыг хасахыг хэлдэг байна. Зөвхөн сайн үр дүнрүү тэмүүлж энэ хоёр үйл явцыг хэрэглэх нь судлаач хүний хувьд бодит үнэнээс зугтсан хуурамч ёс зүйгүй үйлдэл болно. Доктор Сюзанн Шейл хүлээн зөвшөөрөгдөх ба хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл, сайн эрдэмтэд муу дадал зуршилд хэрхэн автдаг болохыг ойлгуулахын тулд бодит байдал дээр шинжлэх ухаанд гарсан буруу үйл ажиллагааны талаар дараах гурван түүхийг сургамж болгож ярьсан юм. 

Эхний түүх бол 1920-оод онд Германд амьдарч байсан Эмил Руппийн тухай юм. 1920-оод оны сүүлч, 1930-аад оны эхээр Эмил Рупп хамгийн чухал, чадварлаг туршлагын физикчдийн нэг гэж тооцогддог байв. Гэвч тэр итгэмээргүй зүйл хийсэн ба хожим нь түүний урьд өмнө хэвлүүлж байсан бүх зүйл хуурамч байсан нь тогтоогджээ. Энэ нь бүр хэдэн арван жил үргэлжилсэн байжээ. 1926 онд Рупп каналийн туяанаас ялгарч буй интерференцийн талаар өгүүлэл хэвлүүлжээ. Зарим физикчид түүний үр дүнг худлаа гэж сэжиглэж байсан. Дараа нь Рупп өөрийгөө 500 кВ-ын чадалтай протон хурдасгасан гэж мэдэгджээ. Гэхдээ түүний Берлиний лабораторийн хурдасгуур үүнийг хурдасгахад хүчин чадал нь хүрэлцхээргүй байсан юм. Хэдийгээр түүний каналийн цацраг дээрх ажил Хейзенберг, Эйнштейн нарын ажлаас иш татсан боловч зарим туршлагын физикчид түүний үр дүнд эргэлзсээр л байсан. Рупп  лабораторийн хамтран ажиллагсаддаа AEG-Arno Brasch, Fritz Lange нар протоныг дотооддоо хурдасгасан гэж мэдэгдэл хийжээ. AEG мөрдөн байцаалт явуулж түүнийг худал ярьж, хуурамч үр дүн гаргасныг олж мэдээд Руппийг ажлаас нь халжээ.

Руппийн хэргээс дараах сургамжуудыг авч болно. Таамаглалыг хуурамчаар үйлдсэн гэж үзэхээс илүүтэйгээр онолыг нотлох хүсэл эрмэлзэл эрдэмтдийг (түүний дотор Эйнштейнийг) шүүмжлэлгүй байр сууринаас хандахад хүргэсэн үү? Эрдэмтэд түүний туршлагын үр дүнг зөв бурууг нь баталгаажуулахгүйгээр түүнд итгэж, онолын үүднээс ямар байж болох талаас нь анхаарлаа хандуулж эхэлсэн. Сонирхолтой гайхалтай үр дүн байлаа гээд тэр нь үнэн эсэхийг сайтар нягтлахгүйгээр мэдээлэлд шинжлэх ухаанч бус хандаж болохгүйн том жишээ болжээ. Харин Мюнхений туршилтын ажилтнууд Уилхем Виен ба Валтер Герлах нарын түүний туршилтыг дахин давтах ажил үр дүнтэй болсон ба Руппын каналийн цацрагийн талаарх мэдээллийг эсэргүүцэж чаджээ. Руппын протоны тухай худлаа мэдэгдэлд ажил олгогч нь шуурхай бөгөөд шийдэмгий хариуг өгч хариуцлага тооцсон. 

Рупп ухаалаг шалтагаар үүнийгээ булзайруулах гэж оролдсон тухай Доктор Э.Ф. фон Гебсаттел “… Доктор Рупп 1932 оноос хойш сэтгэлзүйн хагас ухамсартай холбоотой сэтгэлийн сулрал (psychasthenia) өвчтэй байсан. Энэ өвчний нөлөөн дор тэр өөрөө мэдэлгүйгээр физик үзэгдлийн талаар баримт бичгүүд хэвлүүлсэн гэсэн байдаг. Энэ нь зохиомол шинжтэй байдаг. Тэрээр шинжлэх ухааны үйл ажиллагааны чиглэлд төсөөллөөр хандсаныг харуулж буй асуудал юм … ” гэж тэмдэглэжээ. 

Хоёр дахь түүх бол шинжлэх ухааны луйврын хэргээр шоронд хоригдсон АНУ-ын анхны эрдэмтэн болох Эрик Фолманы тухай юм. Поэлман Вермонтын Их Сургуулийн хэт таргалалт, цэвэршилт ба хөгшрөлтийн судалгааны лабораторийг удирддаг байжээ. Тэрээр эмэгтэйчүүд хөгшрөх тусам тэдний бие махбодийн артер судасны хэмжээ нэмэгдэж, холестеролыг элгэнд хүргэдэг өндөр нягтралтай липопротеины хэмжээ буурдаг гэж таамаглажээ. Тэрээр HRT эстроген дааврын эмчилгээнд хамрагддаг эмэгтэйчүүд бусадтай эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэвлийн хөндийн өөх тосыг амархан алддаг гэж таамаглал дэвшүүлжээ. Түүний өвөрмөц урт хугацааны судалгаа нь өмнөх хоёр таамаглалаа хоёуланг нь дэмжиж байсан боловч тэрээр өгөгдлүүдээ зохиомлоор хийжээ. Харин үүнийг нь Уолтер де Нино илрүүлсэн юм. 2000 оны үеэр Уолтер де Нино лабораторийн техникчээр ажиллаж байхдаа олимпиадад бэлдэж байжээ. Поэлман нь өгөгдөл, эмнэлзүйн тохиолдлыг зохиомлоор гаргаж, өгөгдлийг зассаныг де Нино дүн шинжилгээ хийснээр олж мэдсэн. Түүнд асуулт тавьсан хүмүүсээс тэрээр ямар ч зөвлөгөө аваагүйг Де Нино мөн олжээ. Тэр үүнийгээ UVM-д мэдээлснээр UVM-ээс АНУ-ын судалгааны шударга байдлын газартай хамтран ажиллаж, тэр тухай судлахаар клиник судлаачдын бүрэлдэхүүн томилж түүнийг шинжлэх ухааны луйвар хийснийг нотолжээ.

Поэлмэний хэргээс чухал сургамжуудыг авах боломжтой. Шинжлэх ухааны луйврыг олж мэдсэн хэн ч байсан түүнийгээ нотолж чадвал түүний эсрэг мэдээлэгч байх хэрэгтэй. Шинжлэх ухааны луйврын эсрэг мөрдөн байцаалтыг явуулдаг албан ёсны байгууллагад  тэрхүү шинжлэх ухааны луйврын эсрэг мэдээллээ өгөх боломжтой. Де Нино илрүүлсэн хэргээ нотлох хангалттай нотлох баримт цуглуулж түүнийгээ илчилсэн нь бусдад сайн үлгэр жишээ болсон ба нотлох баримтгүйгээр бусдын хийсэн ажлыг үгүйсгэх нь мөн л ёс зүйгүй асуудал болж хувирах билээ. Де Нино хоёр ахлах ажилтнаасаа зөвлөгөө хүссэн боловч хоёулаа түүнийг дэмжээгүй байна. Үүнээс үзэхэд хэн нэгэн зөвлөгөө хүсвэл түүнд нь чадах чинээгээрээ анхаарлаа хандуулж нягтлан үзэх нь хэзээд илүүдэхгүй зүйл юм. Таны эргэн тойронд болж байгаа шударга бус зүйлээс та нүдээ, аниад чихээ дараад өнгөрч болохгүй ээ. Шинжлэх ухаанд үнэн өгөгдөл таамаглалыг хуурамчаар үйлдсэнээрээ ял эдэлсэн сургамжтай үйл явдал болсон ба энэ нь хүн хийсэн буруу үйлдэлдээ зохих ёсны хариуцлага хүлээх тогтолцоог мөрдүүлэх асуудал юм. Манай улсын хувьд хариуцлагын тогтолцоо маш муу байгааг бид зарим салбарын ажилтны алдаа дутагдалд авч арга хэмжээнээс харж байгаа юм. 

Гурав дахь сургамжит түүх нь Сезен ба Самесийн хэргийн тухай юм. Сезен Колумбид 2000 онд профессор Самесийн удирдлаган дор докторын зэрэг хамгаалахаар очжээ. 2005 он гэхэд тэд 6 өгүүллийг хамтран зохиогчоор хэвлүүлжээ. Сезен нүүрстөрөгч устөрөгчийн холбооны идэвхийг цөмийн соронзон резонанс (NMR) спектроскопи ба элементийн анализ ашиглан судалж байсан. Лабораторийн хамт ажиллагсад нь Сезений үр дүнг давтах боломжгүй байсанд түүнд асуултуудыг тавьсан. Хоёр магистрант оюутны анхны туршилтын хугацаа дуусахад түүний үр дүнг давтаж чадаагүй тул тухайн ажлыг нь үргэлжлүүлэхийг зөвшөөрөөгүй ба судалгаагааг нь  зогсоож, өөр нэг нь сайн дураараа татгалзсан байдаг. Сезен лабораторид нэвтрэх хувийн эрхтэй байсан ба лабораторийн хамтрагч нь тэрхүү урвал нь зөвхөн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг анзаараад түүнийг урхинд оруулах туршилт хийжээ. Тэрбээр Сезений үр дүн нь хуурамч болохыг олж мэдээд Самесст мэдээлсэн бөгөөд эцэст нь дотоод хэрэгт бүртгэл явуулжээ. Ингээд мөрдөн байцаагчид шалгалт явуулснаар Сезений хэвлэлүүдээс NMR спектрийг цагаан өнгөөр сольсон болохыг тогтоожээ. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад Сезен Колумбид өөрийн NMR бүртгэлгүй, мөн тэрээр хийсэн бүх анализууддаа хэрэглэгдэх  ямар ч материал захиалаагүй байсан нь тогтоогджээ. Колумбаас мөрдөн байцаалт хийсний дараа АНУ-ын судалгааны аюулгүй байдлын алба мөрдөн байцаалт хийж 2010 оны 11-р сард дуусгасан. ORI нь ёс зүйгүй байдлын 21 тохиолдолд үндэслэж, Сезений холбооны санхүүжилт авах эрхийг таван жилийн хугацаагаар хасчээ. Сезен арав гаруй жилийн хугацаанд допингийн туршилт хийж, NMR ба элементийн анализын судалгааны өгөгдлийг засах, хуурамчаар үйлдэх, өөрийнхөө үр дүнгийн давтагдашгүй чанарыг баталгаажуулахын тулд зохиомол хүмүүс, байгууллагуудыг бий болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн байв. 

Сезен, Самес нарын хэргээс олон сургамжийг авч болно. Үүнээс хойш давтагдах чадвар нь туршилтын шинжлэх ухааны луйврын талаарх чухал шалгалт хэвээр байна (гэхдээ эмнэлзүйн урт хугацааны судалгаа гэх мэт чиглэлүүдэд хамаагүй). Туршилтаа олон давтаж тухайн дахин дахин гарч байгаа эсэхийг шалгах нь чухал юм. Хууран мэхлэлт нь лабораторийн хамтрагчидад хүндээр тусдаг ба жишээ нь энэ хэргээс болж гурван оюутан лабораторийг орхисон. Гэвч Сезен эцэст нь залуу судлаачид илчлэгдсэн. Сезен нь төгсөх ангийн оюутан байв. Самесс түүний докторын ажлыг удирдаж байсны хувьд түүний хийж буй ажилд сайн хяналт тавьж мөн түүнд судлаач хүний ёс зүйн талаар сургах ёстой байсан гэж бодож байна. Мөн 6 өгүүлэл хамтран зохиогчоор хэвлүүлэхдээ Сезений луйврын талаар мэдээгүй нь Самес хийсэн ажилд нь хяналт дүгнэлт хийлгүйгээр өнгөц үнэлсэн байсан.  Самес лабораторийн хамтрагчид нь Сезений үр дүнг яагаад давтаж чадахгүй байгааг нягтлахын оронд зөвхөн Сезений зөв мэтээр тэдэнтэй маш бүдүүлэг харьцсан. 

Хүмүүс итгэхийг хүссэн зүйлдээ л итгэх хандлагатай байдаг ба луйвар нь танин мэдэхүйн гажуудлаар тэжээгддэг. Олон жижиг алхмуудаас хууран мэхлэлт үүсдэг. Орчин үеийн судалгаанд санхүүжилтийн хүчтэй өрсөлдөөн ба урамшуулал бий болсон нь зарим судлаачид муу төсөл хийж, хуурамч үр дүн гаргах байдлыг бий болгох хандлага байдаг. Өөрийгөө хуурах нь үл мэдэгдэхүйц алхамуудаар луйврын замруу хөтөлж байдаг. Залуу судлаачид хурдан нэр хүндтэй болохын хойноос шударга бусаар хөөцөлдөж яавч болохгүй. Судлаач хүн үр дүнгээ өөрөө эхлээд үнэн бодитоор хүлээн зөвшөөрөх ёстой ба тэр нь заавал сайн таарч байх албагүй. Цагдаа гэмт хэрэгтэнг хайхдаа  сэжигтэнг мөрдөөд гэм буруутай эсэхийг нь тогтоодог шиг бидний судалгааны үр дүн зөв эсвэл буруу байхыг бид судлахаас нааш мэдэхгүй. Харин судалгааны үр дүн зөв ч бай буруу ч бай бид үнэнээс зугатахгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу байсан ч буруу байгааг мэдэх нь ч судлаач хүнд том мэдээлэл юм. Харин бурууг зөв болгох нь өмнөх жишээн дээр цагдаа сэжигтэнг гэм хэрэг хийгээгүй байхад нь хилсээр хорьж байгаа шиг ёс зүйгүй асуудал юм. Судлаач хүн өндөр ёс зүйтэй байх ёстой.

Эх сурвалж: Доктор Сюзанн Шейлийн лекц

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Батцоож